Гэрээ тохижуулахдаа гаргадаг түгээмэл алдаанууд

Гэрээ тохижуулахдаа гаргадаг түгээмэл алдаанууд

Хүн бүр л гэрээ цэвэр цэмцгэр, ая тухтай, өнгө үзэмж сайтай байгаасай гэж хүсдэг. Гэвч гэрийнхээ тавилгыг яаж ч өөрчилсөн, бүр ханын цаасаа сольж, шинэ тавилга авсан ч сайхан харагдуулж чадахгүй байгаа бол энэхүү зөвлөмжийг уншаарай.


Бүх тавилгуудаа хананд нааж тавих

Бүх тавилгуудаа өрөөнийхөө хананы дагуу байрлуулах нь зай хэмнэх эсвэл илүү том зай гаргахад туслахгүй, харин ч гэрийн уур амьсгалыг маш уйтгартай болгодог. Илүү дээр сонголт бол тохирсон зай талбайд тавилгыг байршуулан донжтой чимэглэлүүдийг ашиглах юм. Хэрэв та хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол санаануудаа цаасан дээр буулгаад ерөнхий төсөөллөө бий болгоорой. Ингэснээр танд илүү хялбар байх болно.

Тавилга болон декорын хэмжээг хооронд нь уялдуулахгүй байх

Аливаа декор, тавилгыг их хэмжээгээр эсвэл зай, завсаргүй шахаж байршуулах нь интерьер дизайныг нураадаг бас нэгэн хүчин зүйл юм. Ерөнхийдөө, тавилга эсвэл декорын хэмжээ тухайн орон зайн гоо зүй болон зориулалтыг эвдэхгүй байх шаардлагатай. Жишээ нь, том хэмжээтэй буйдангаа стандарт хэмтээтэй хивстэй хослуулах нь яг л захидал дээр наасан шуудангийн марк шиг хэмжээний хувьд зохимжгүй харагдах болно. Тиймээс буйдан тавьсан ч дөрвөн талдаа дор хаяж 30см илүү зай гарах хивсийг сонгоорой.

Гэрэлтүүлгийг үл ойшоох

Тухайн орчинг хэрхэн хүлээж авах нь өрөөний гэрэлтүүлгээс ихэд хамаардаг. Гэрэлтүүлэг сайтай байхад тавилгаа солиогүй байсан ч илүү орон зайтай мэдрэмжийг төрүүлдэг төдийгүй тавилгын өнгө, материал илүү тод, өнгөлөг харагддаг.

Нэг газар хэт их ханын зураг байршуулах

Гэрийн орчинг илүү амьд, үзэсгэлэнтэй болгодог декоруудын нэг болох уран зураг, постерийг хэт өндөрт биш, харин харааны түвшинтэй ижил өндөрт байршуулахад тохиромжтой. Харааны түвшин гэдэг нь шал, тааз хоёрын хооронд таны нүдэнд төвөггүй харагдаж буй хэсгийг хэлэх юм. Ингэвэл өрөө тэнцвэртэй, цэгцтэй харагдана. Түүнчлэн интерьерийг хэт энгийн, уйтгартай болгохгүйн тулд зургийг нэг хананд хэт олноор нь өлгөхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулдаг билээ.

Энд тэндгүй олон жижиг зүйлс

Бидний дотоод засалдаа хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол олон жижиг зүйлсээ ил байлгах. Ялангуяа гал тогоо болон угаалгын өрөөнд нэлээн ажиглагддаг. Үүнийг шийдэх арга бол хайрцаг саванд хийж цэгцтэй байрлуулах юм.


www.mymebel.mn